Тесла компани бялууны захиалгаа цуцалсантай холбоотой гомдлыг Илон Маск шийдвэрлэжээ

timelive.mn 2024-02-28

АНУ-ын Сан-Жозе хотын “Giving Pies” нэртэй жижиг нарийн боовны газар Тесла компаниас 4,000 жижиг бялууны захиалга хүлээж авчээ.

Гэтэл эцсийн мөчид Тесла захиалгаа цуцалж, тус бизнес эрхлэгчид $2,000-ын алдагдал учруулсан байна.

Энэ талаар мэдээ орон нутгийн хэвлэлд нийтлэгдсэний дараа Теслагийн гүйцэтгэх захирал, тэрбумтан Илон Маск уг асуудалд оролцож, хохирлыг нь барагдуулжээ.

“Сая л энэ тухай сонслоо. Бид нарийн боовны газрыг хохиролгүй болгоно. Теслаг хамгийн сайн зүйл хийнэ гэдэгт хүмүүс итгэдэг байх ёстой” гэж Маск сошиал хуудсандаа бичсэн байна.

Тэрбээр хохирлыг барагдуулаад зогсохгүй, дахин 3,600 ширхэг мини бялуу авах захиалга өгчээ.

Гэтэл нарийн боовны газар Теслагийн хоёр дахь захиалгыг хүлээж авах боломжгүй гээд буцаасан байна.

Учир нь Тесла компани тус газрыг хохироосон тухай мэдээ цацагдсаны дараа орлого оруулж дэмжихээр маш олон хүн тэдний гадаа дугаарлан зогсдог болжээ.

“Харамсалтай нь би тэдний арга хэмжээний захиалгыг авах боломжгүй байна. Учир нь манай бүх нөөц шавхагдсан” гэж “Giving Pies”-ийн эзэн Воаханги Расетаринера NBC сувагт ярьсан байна.

“Хүмүүс үнэхээр гайхалтай. Миний сэтгэл хөдөлж, тэдэнд маш их талархаж байна” гэж тэр ярьжээ.

Сан-Жозе хотын захирагч хүртэл нарийн боовны газарт үйлчлүүлэхээр ирсэн байна.

Тэр сүүлд X сошиал хуудсандаа “Томоохон захиалга нь цуцлагдсан тухай сонсоод манай хотынхон Воаханги болон түүний жижиг бизнесийг дэмжихээр нэгдэж байгааг харахад урамтай сайхан байна. Та бүхэн дараа амттан хайхдаа “Giving Pies”-т саатаж, орон нутгийн бизнес эрхлэгчийг дэмжээрэй. Захиалгынхаа төлбөрийг төлж, асуудлыг шийдвэрлэсэн Илон Маскад бас баярлалаа” гэж бичжээ.

 

Эх сурвалж: BBC