Оросын армид “гацсан” 20 иргэнээ суллахаар ажиллаж байгааг Энэтхэгийн эрх баригчид мэдээлэв

timelive.mn 2024-03-1

Оросын армид “гацсан” 20 иргэнээ суллахаар ажиллаж байгааг Энэтхэгийн албаныхан өчигдөр мэдээлжээ.

Тус улсын зарим иргэд өндөр цалин өгөх, Оросын иргэн болгох амлалтад хууртаж, Украины фронт руу дайчлагдсан тухай мэдээ өмнө нь цацагдаж байсан юм.

“Бидний ойлгосноор одоо манай 20 иргэн тэнд гацаад байна. Тэднийг суллуулж авахын тулд бид чадах бүхнээ хийж байгаа. Бид Дели дэх болон Москва дахь Оросын албаныхантай байнгын холбоотой ажиллаж байна” гэж Энэтхэгийн гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Рандхир Жайсвал өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ. Тэр бас дайны бүс нутгаас хол байхыг иргэддээ анхааруулсан байна.

Тус улсын тодорхойгүй тооны иргэд Оросын армид алба хаахаар Украинд очсон тухай өнгөрсөн сард AFP агентлаг анх мэдээлж байв.

Энэтхэгчүүдийг анх дайчлахдаа арын албанд ажиллуулахаар амлаж байсан ч Украин руу илгээхийн өмнө галт зэвсэг хэрэглэх бэлтгэл сургуулилалтад хамруулсныг нэгэн гэрч ярьж байсан юм.

ОХУ-тай уламжлалт сайн харилцаатай Энэтхэг улс Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайныг буруутгахаас зайлсхийж, Москвагийн худалдааны гол түнш болоод байгаа.

 

Эх сурвалж: AFP