Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

timelive.mn 2024-03-28

Чех улсын тусгай албад нутаг дэвсгэрт нь Москвагийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлсэн тухай тус улсын ерөнхий сайд Петр Фиала өчигдөр мэдэгджээ.

Тухайлбал уг сүлжээ нь нийслэл Прага хотод “Voice of Europe” нэртэй вэб сайт ажиллуулж, Украинд үзүүлэх Европын Холбооны тусламж дэмжлэгийг мохоох, үгүйсгэх зорилготой мэдээ, мэдээллийг тараадаг байсан гэнэ.

Чехийн Мэдээллийн Аюулгүй Байдлын Албаны (BIS) илрүүлсэн уг сүлжээний үйл ажиллагаа “Бүгд Найрамдах Чех Улсын болон Европын Холбооны аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахад чиглэж байсан” талаар Фиала мэдээлжээ.

“Тэдний үйл ажиллагаа Европын парламентад хүртэл хүрсэн байна” гэж тэр хэлсэн ч энэ талаар илүү дэлгэрүүлээгүй юм.

“Манай ажлын үр дүнгээс Оросын эрх баригчид Европын Холбооны гишүүн орнуудад хэрхэн нөлөөлдөг, тэдгээрийн улс төрийн амьдралд яаж дарамт шахалт үзүүлдэг нь харагдаж байна” гэж Чехийн Мэдээллийн Аюулгүй Байдлын Алба сошиал хуудсаараа мэдэгджээ.

Фиалагийн засгийн газар дээрх вэб сайтыг болон түүний үйл ажиллагаатай холбоотой Оросыг дэмжигч хоёр улс төрчийг хар жагсаалтдаа нэмсэн байна.

Тэдгээр нь Виктор Медведчук, Артем Марчевский нар ажээ.

Тэд Украинд үзүүлэх тусламжаа зогсоох Европын Холбоонд хандсан уриалгыг дээрх сайтад нийтлүүлж байсан гэнэ.

Бас Европын зарим улс төрчид уг сайттай хамтран ажиллаж, Москвагаас мөнгө санхүүжилт авч байсныг тогтоожээ.

Герман, Франц, Бельги, Унгар, Нидерланд, Польшийн улс төрчид үүнд оролцсон тухай Чехийн гадаад хэргийн яамны эх сурвалж мэдээлсэн байна. Германы хэт барууны үзэл баримтлалтай AfD намын улс төрчид тэдний дотор байсныг онцолжээ.

Марчевский сайтын нийтлэлийн агуулга болон Европын улс төрчидтэй харилцах харилцааг зохицуулж байсныг Чехийн эрх баригчид мэдээлсэн байна.

10 сая гаруй хүн амтай, Европын Холбоо, НАТО-гийн гишүүн Чех улс нь Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украйны тэмцлийг хамгийн идэвхтэй дэмжигчдийн нэг юм.

 

Эх сурвалж: AFP