ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /AP/. Дональд Трамп порно жүжигчин Сторми Дэниэлст дуугүй байсных нь төлөө мөнгө төлснөөр 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар нөлөөлөхийг оролдсон гэж прокурорууд даваа гарагт мэдэгдэв.
АНУ-ын Ерөнхийлөгч асан өөрийн өмгөөлөгч Майкл Коэноор дамжуулан өгсөн төлбөртэй холбоотой санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зэрэг 34 зүйл ангиар буруутгагдан Манхэттэн хотын шүүхэд дуудагдсан бөгөөд бэлгийн харьцаанд орсон гэх мэдэгдлийг С.Дэниэлсээр хийлгэхгүйн тулд түүнд мөнгө төлсөн гэж прокурорууд үзэж байна.
Прокурор Мэтью Коланжело хэлэхдээ “энэ бол 2016 оны сонгуульд нөлөөлөх, хууль бус мөнгийг ашиглан Д.Трампыг сонгуульд ялахад туслах, түүний зан авирын талаар сөрөг зүйл хэлсэн хүмүүсийн амыг таглах зорилгоор сайтар төлөвлөж, удаан хугацаанд явуулсан хуйвалдаан байсан” гэжээ. Энэ бол жинхэнэ сонгуулийн луйвар байсан” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлжээ.
Шүүх хурлын үеэр Д.Трампын өмгөөлөгчид дээрх мэдэгдлийг няцаасан байна. Өмгөөлөгч Тодд Бланш хэлэхдээ “надад анхааруулж хэлэх зүйл байна: сонгуульд нөлөөлөхийг оролдоход буруу юм байхгүй, үүнийг ардчилал гэж нэрлэдэг” гэжээ.
Трамп сонгуулийн кампанит ажлаа орхиод байна
Шүүх хурал хоёр сарын турш үргэлжлэх магадлалтай бөгөөд энэ нь Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах анхан шатны сонгуульд олон ялалт байгуулсан Д.Трампыг сонгуулийн кампанит ажилдаа бус шүүхийн танхимд цаг хугацаагаа өнгөрүүлэхэд хүргэж байна.
“Би бол магнайлж яваа нэр дэвшигч… иймээс тэд намайг замаас гаргахыг хичээж байна. Өмгөөлөгчид чекээр төлбөр төлж байна” гэж Д.Трамп даваа гарагт болсон хурлын дараа хэлжээ. Д.Трампыг гэм буруутай гэж үзсэн шүүхийн шийдвэр нь түүнийг дахин ерөнхийлөгч болоход саад болохгүй хэдий ч энэ нь холбооны шүүхэд гэхээсээ илүүтэй муж улсын шүүхэд хамаарах хэрэг учраас тэрбээр ерөнхийлөгч болсон ч гэсэн өөрөө өөртөө өршөөл үзүүлэх боломжгүй юм.
Түүнээс гадна, Жо Байден ялалт байгуулсан 2020 оны сонгуулийн дүнг хүчингүй болгохын тулд хуйвалдаан зохион байгуулсан, Флорида дахь Мар-а-Лаго дахь харшдаа нууц бичиг баримт хадгалсан хэргээр Д.Трампыг буруутгаж байгаа бөгөөд тэрбээр аль алиныг нь үгүйсгэн няцааж байна.
Д.Трампын өмгөөлөгчдийн гаргасан шаардлагуудаас үүдэн эдгээр хэргийг хянан хэлэлцэх хурлууд удаа дараа хойшлогдсоор байгаа бол харин С.Дэниэлст дуугүй байсных нь төлөө мөнгө өгсөн гэх шүүх хурал хуваарийн дагуу явагдаж байгаа юм.
0 cэтгэгдэлтэй