Арабын Нэгдсэн Эмират Улсын удирдагчид тус улсын аялал жуулчлалын төв Дубай хотод дэлхийн хамгийн том нисэх буудал байгуулах $35 тэрбумын өртөгтэй төсөл эхлүүлж байгаагаа Ням гарагт зарлажээ.
Аль Мактум нэртэй шинэ буудал нь Дубайн одоогийн олон улсын нисэх буудлаас тав дахин том, жил бүр 260 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай байхыг Дубайн захирагч Шэйх Мохаммед бин Рашид Аль Мактум мэдээлсэн байна.
Бас таван зэрэгцээ гүйлтийн зурвастай, 400 терминалтай байх ажээ.
Одоогийн нисэх буудал нь ердөө хоёр гүйлтийн зурвастай юм.
“Бид шинэ нисэх буудлын бүхэл бүтэн хотхоныг Дубайн өмнөд хэсэгт байгуулах тул олон сая хүн амьдрах орон байрны хэрэгцээ үүсэх болно. Дэлхийн тэргүүлэх агаарын тээврийн болон ложистикийн компаниудын оффис энд төвлөрөх болно. Шинэ төслөө бид хойч үе, үр хүүхдүүдийнхээ тогтвортой хөгжил дэвшилд зориулж байна. Дубай нь дэлхийн нисэх буудал, дэлхийн боомт, дэлхийн шинэ төв болох юм” гэж Шэйх Мохаммед сошиал хуудсандаа бичжээ.
Дубай хотын одоогийн нисэх буудал нь сүүлийн 10 жил дараалан дэлхийн хамгийн өндөр ачаалалтай буудлаар шалгарч байв.
Өнгөрсөн онд тус буудлаар 87 сая зорчигч үйлчлүүлсэн нь цар тахлын өмнөх үеийн хэмжээг давсан юм.
Эх сурвалж: Aljazeera
0 cэтгэгдэлтэй