Белгород хотод орон сууцны барилга дэлбэрсэнд Оросын тал Украиныг буруутгав

timelive.mn 2024-05-13

Ням гарагт Украин улстай хил залгаа ОХУ-ын Белгород мужийн төвд 10 давхар орон сууцны барилгын хэсэг дэлбэрсний улмаас зургаан хүн амь үрэгдэж, 19 хүн шархадсан байна.

Баасан гарагт Оросын арми энэ мужийн нутаг дэвсгэрээс Украины Харьков хотын чиглэлд байлдааны ажиллагаа эхлүүлсэн юм.

Дайн эхэлсэн цагаас хойш Белгород муж Украины агаарын цохилтын бай болсоор ирсэн ч голдуу цэргийн байгууламжууд, эрчим хүчний дэд бүтцүүд өртөж байлаа.

Белгород мужийн захирагч Вячеслав Гладков орон сууцны барилгыг Украины пуужингийн цохилтод өртсөн гэж мэдээлжээ.

Харин Украины албаныхан үүнийг няцааж, Украины нутаг дэвсгэр рүү Оросын онгоцноос харвасан залуурт пуужин чиглэлээ алдсаны улмаас Белгородод унасан байж болзошгүй гэж тайлбарласан байна.

ОХУ-ын Мөрдөн Байцаах Хороо орон сууцны дэлбэрэлтийг шалгаж эхэлснээ мэдээлжээ. Барилгын нуранги дороос хүмүүсийг гаргах ажил үргэлжилж байна.

Белгородын хөрш Украины Харьков мужид сүүлийн өдрүүдэд дайны шинэ фронт нээгдэж, талуудын хооронд тулаан эрчимжиж байгаа.

Оросын довтолгооноос хамгаалахын тулд олон мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлж байгаагаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдэгдсэн юм.

“Харьковын бүс нутагт эхэлсэн довтолгоо нь манай армийн хүчийг тарамдуулж, украинчуудын эх орноо хамгаалах урам зориг, сэтгэл санааг мохоох зорилготой байна” гэж Зеленский энэ үеэр хэлжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам Харьковын чиглэлд амжилттай довтолж, хэд хэдэн тосгоныг эзэлсэн гэсэн бол Киевийн эрх баригчид Оросын довтолгоог няцааж, сөрөг давшилтад орсноо мэдээлж байна.

 

Эх сурвалж: BBC