ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин маргааш Бээжинд хүрэлцэн очно

timelive.mn 2024-05-15

Тангараг өргөж, тав дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлээд удаагүй байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин маргааш БНХАУ-д айлчлан очихоор болсныг Кремлийн хэвлэлийн алба өчигдөр мэдээлжээ.

Тэрбээр Пүрэв, Баасан гарагуудад Бээжин хотод саатаж, дараа нь Харбин хотод зочлох юм байна.

“Хоёр удирдагч иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж, Орос-Хятадын бодит хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх гол чиглэлүүдийг тодорхойлж, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно. Уулзалтын дараа төрийн тэргүүнүүд олон тооны бичиг баримт, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах болно” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч сүүлийн хагас жил гаруй хугацаанд хоёр дахь удаагаа Хятадад хүрэлцэн очих гэж байна.

Украины дайн эхэлсэн цагаас хойш Хятад улс нь Оросын эдийн засгийн гол түшиг тулгуур болоод байгаа. Мөн дайнтай холбогдуулан Өрнөдийн орнуудын авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний үр дүнд Хятадын тал Оросын эрчим хүчний бүтээгдэхүүн, түүхий эдийг хямд үнээр импортлох боломжтой болсон юм.

 

Эх сурвалж: AFP