Трамп ерөнхийлөгч болбол Оросын шоронд хоригдож буй АНУ-ын сэтгүүлчийг суллуулж чадахаа амлав

timelive.mn 2024-05-24

Бүгд Найрамдах Намаас 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп хэрвээ сонгогдвол Оросын шоронд хоригдож буй өөрийн сэтгүүлчийг амархан суллуулж чадахаа амлажээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин “өөр хэнд ч биш, зөвхөн өөрт нь ийм боломж олгож чадах”-ыг тэр сошиал хуудсандаа гайхуулан бичсэн байна.

“Оросын шоронд хоригдож буй Уолл Стрит Журнал сонины сурвалжлагч Эван Гершкович сонгуулийн дараа, намайг тангараг өргөхөөс ч өмнө шууд суллагдах болно. Тэр гэртээ, гэр бүлдээ аюулгүй буцаж ирнэ” гэж Трамп мэдэгджээ.

Тэр бас сэтгүүлчийг суллуулахад АНУ-ын засаг захиргаа “юу ч төлөх шаардлагагүй” гэж онцолсон байна.

Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн онд гурван иргэнээ Ираны шоронгоос суллуулахын тулд Өмнөд Солонгосын банканд битүүмжлэгдсэн газрын тосны орлогыг нь чөлөөлж байсныг битүү сануулах замаар өрсөлдөгчөө шүүмжилсэн хэрэг бололтой.

Гэхдээ Кремлийн хэвлэлийн алба өчигдөр Трампын амлалтыг няцаасан байна.

“Энэ асуудлаар Дональд Трамптай бид огт холбогдоогүй. Хоригдсон, яллагдсан хувь хүмүүстэй холбоотой асуудлаарх яриа хэлэлцээгээ хоёр улс маш өндөр түвшинд нууцалдаг. Зөвхөн ингэж байж л үр дүнд хүрдэг юм” гэж Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгджээ.

Трампын мэдэгдэлд түүний Ардчилсан Намын өрсөлдөгч Жо Байдены талаас тэр дор нь хариулсан байна.

“Владимир Путиний үндэслэлгүйгээр баривчилж хорьсон гэм зэмгүй америкчуудтай Дональд Трамп ямар ч хамаагүй.

Трамп өөрөө сэтгүүлчдийг “ард түмний дайсан” хэмээн цоллож, өөрт нь таалагдахгүй зүйл бичсэн сэтгүүлчдийг шоронд хийхээр сүрдүүлж байсан хүн. Энэ нь Эван Гершковичийг Оросын шоронд хорьсон одоогийн үйл явдлаас тийм ч их ялгаатай зүйл биш юм” гэж Байдены сонгуулийн кампанит ажлын зөвлөх Ти Жэй Дакло мэдэгджээ.

32 настай Гершкович ОХУ-д ажиллаж байхдаа тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр баривчлагдаж, сүүлийн нэг жил гаруй хугацаанд Москва хотын алдарт Лефортово шоронд хоригдож байгаа юм.

Тэрбээр Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш тагнуулын хэргээр ОХУ-д баривчлагдсан Өрнөдийн анхны сэтгүүлч болоод байгаа.

АНУ-ын засаг захиргаа болон ажил олгогч нь Гершкович тагнуулын үйл ажиллагаа явуулсныг няцаадаг.

2023 оны сүүлээр Байдены засаг захиргаа Гершковичийг суллуулах “онцгой санал” Москвагийн эрх баригчдад тавьсан тухай мэдээлж байв.

Энэ нь ялтан солилцох санал байсан байх магадлалтай. Гэхдээ Оросын тал уг саналыг хүлээж авахаас татгалзсан гэх мэдээлэл бий.

АНУ-ын тагнуулын албад Дональд Трамп 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтоныг ялахдаа Оросын талаас дэмжлэг авсан гэж дүгнэж байв.

Путинийг хүндэлж явдгаа нуудаггүй Трамп үүнийг эрс няцааж байлаа. Саяхан Путин энэ удаагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Байден ялахыг илүүд үзэж байгаагаа илэрхийлсэн нь үнэндээ Трампын дэмжлэгийг нэмэгдүүлэх оролдлого гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: Reuters