Өмнөд Солонгос, Казахстан улсууд газрын ховор элементийн салбарт хамтарч ажиллахаар тохиролцжээ

timelive.mn 2024-06-13

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл, Казахстан улсын ерөнхийлөгч Касым Жомарт-Токаев нар Мягмар гарагт Астана хотноо газрын ховор элементийн хайгуул, олборлолт, худалдааны чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

“Хоёр улс Казахстаны эрдэс баялгийн арвин нөөцийг Өмнөд Солонгосын дэвшилтэт технологитой хослуулах замаар чухал ач холбогдолтой ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхээр тохиролцлоо” гэж хамтарсан хэвлэлийн хурлын үеэр ерөнхийлөгч Юн Сүк Ёл мэдэгдсэн байна.

Газрын тос, байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч Казахстан нь уран, хром, титан, газрын ховор элементийн асар их нөөцтэй бөгөөд энэ нь тус улсыг Өмнөд Солонгосын хагас дамжуулагч, батарей үйлдвэрлэгчдийн чухал түнш болгож байгаа юм.

Хоёр улс бас хүлэмжийн хийн ялгаруулалт багатай эрчим хүчний эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүчний технологи хөгжүүлэх, хуучин цахилгаан станцуудыг шинэчлэх чиглэлд хамтран ажиллах санамж бичгүүдийг байгуулжээ.

Мөн Казахстаны дэд бүтцийн томоохон төслүүдэд Солонгосын компаниудыг оролцуулах, тэдгээрийг санхүүжүүлэхэд хамтран ажиллахаар болсон байна.

Эрчим хүч, ашигт малтмалаас гадна уур амьсгалын өөрчлөлт, технологи, боловсрол, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаанд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцжээ.

Өмнөд Солонгосын засгийн газар “K-Silk Road Cooperation” хэмээх олон улсын хамтын ажиллагааны загварыг санаачилж байгаа.

Энэ санаачилгын хүрээнд Төв Азийн Казахстан, Туркменистан, Узбекистан улсуудаар ерөнхийлөгч Юн Сүк Ёл энэ долоо хоногт тойрон айлчилж байна.

Тэрбээр уулзалтын үеэр Төв Ази-Өмнөд Солонгосын дээд хэмжээний анхны чуулганыг зохион байгуулах төлөвлөгөөгөө танилцуулахад Касым Жомарт-Токаев дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

“Өмнөд Солонгосын 700 гаруй компани Казахстанд амжилттай ажиллаж байна. Бид дэд бүтэц, аж үйлдвэрлэл, санхүү, эрчим хүч, байгаль орчин, автомашин, сансар судлал, хиймэл оюун ухаан, электроникийн салбаруудад хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх сонирхолтой байна” гэж ерөнхийлөгч Касым Жомарт-Токаев хамтарсан хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Yonhap News