Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоогоор хангах, нөөшлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдааг нийслэлийн есөн дүүргийн 21 байршилд зохион байгуулахаар болж, өчигдрөөс худалдаа эхэлсэн. Ногооны үнэ болон ургац хураалт, худалдан авалт ямар байгаа талаар сурвалжиллаа.
Баянзүрх дүүрэг бол нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг. Тэгвэл тус дүүргийн хэд хэдэн цэгээр орлоо.
Өглөөний 10:20 минутын орчимд Тэнгэр плаза худалдааны төвийг зорилоо. Биднийг очиход худалдаа зохион байгуулах асраа бариагүй байлаа. Энэ талаар Тэнгэр худалдааны төвийн хамгаалалтаас асуухад “Жил бүр үзэсгэлэн худалдаа болдог. Ихэвчлэн Сэлэнгэ аймгийн тариаланчид ирж ногоогоо худалддаг. Өнөөдөр бол хүмүүс нь ирээгүй байна. Асар, майхнаа ч бариагүй байна. Энэ нь магадгүй цаг агаартай холбоотой байх” гэсэн юм.
Очсон цэгт худалдаа байхгүй учир дараагийн ойр худалдааг зорив. Энэ нь Жуковын хөшөөний урд талбай дахь худалдаа байлаа. Эхний өдөр болоод ч тэр үү нэг асар л баригдсан байлаа. Мөн худалдан авагч тун цөөн байв. Жуковын талбайн зүүн хэсэгт Ховд аймгийн худалдаа эрхлэгчид, харин баруун талд Зүүн хараа болон Баруун хараагийн нийт 10 гаруй худалдаа эрхлэгч худалдаа хийх ажээ. Талбайн зохион байгуулалтыг сайн хийсэн байгаа нь харагдаж байлаа.
Шинэ ургацын ногооны үнэ Жуков байршилд төмс 1500, байцай 1500, сонгино 2500, лууван 2500 нарийн ногоо 5000, помидор 8000, огурций 4000 төгрөгийн үнэтэй байлаа.
Үзэсгэлэн худалдааны талаар тариаланч С.Нямаа “Сэлэнгэ аймгийн Баруун хараагаас дөрөв дэх жилдээ ирж оролцож байна. Өдөртөө гурван шуудай төмс зардаг. Харин өнөөдөр бороотой байгаа учир худалдан авалт муу байна. Одоогийн байдлаар нэг шуудай төмс л зарлаа” гэсэн юм. Шинэ ургацын ногооны үнэ Жуков байршилд төмс 1500, байцай 1500, сонгино 2500, лууван 2500 нарийн ногоо 5000, помидор 8000, огурций 4000 төгрөгийн үнэтэй байлаа.
Харин иргэдийн хувьд ногооны үнэ буураагүй байна гэж байв. Энэ тухай БЗД-ийн V-хорооны иргэн н.Сугар “Эхний хураалт учир ногооны үнэ буугаагүй байх шиг байна. Ургац хураалт сайжраад худалдаа ихсэхээр ногооны үнэ сайн буурдаг. Мөн төрөл зүйл багатай байна. Нэг үеэ бодвол иргэд нарийн ногоо их хэрэглэдэг болоод байна шүү дээ” гэсэн юм.