Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгчээ.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний суурь судалгаа шинжилгээний ажил 2017 онд эхэлсэн бөгөөд 2020 онд ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан. Өнгөрсөн онд олон улсын зөвлөх үйлчилгээ авч ерөнхий төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх шийдвэр гаргуулсан аж.
Энэ талаар Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэн “20 минутын хот” болгох нөхцөлийг бүрдүүлнэ.
Мөн нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөх оновчтой хувилбарыг боловсруулан, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна” гэв.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
0 cэтгэгдэлтэй