“Галзуу хулгана” дээр тоглож байгаад нас барсан залуугийн үхлийн шалтгааныг тогтоох шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

timelive.mn 2024-08-23

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоом дээр тоглож байсан 19 настай залуу амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 29-ны /2024.05.29/ 16 цагийн орчимд гарсан билээ.

Улмаар цагдаагийн байгууллагаас тус хэргийг мөрдөн шалгаж байгаа талаар тухайн үед мэдээлж байв. Тодруулбал, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг “Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 54 минутад Сүхбаатар дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байх “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д 18-19 орчим насны иргэн “Галзуу хулгана” тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ ухаангүй, нас барсан байдалтай байна” гэх мэдээллийг ирүүлсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулашгүй ажиллагааг явууллаа. Шалгалтын явцад тухайн иргэн “Галзуу хулгана” гэх тоглоом дээр тоглож байгаад бууж ирэх явцдаа ухаангүй бууж ирсэн учир эмнэлгийн байгууллага дуудаад үзүүлэхэд нас барсан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор нас барсан шалтгаан, бусад нөхцөл байдлыг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна” хэмээж байсан юм.

Тэгвэл амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох шүүх шинжилгээний дүгнэлт гарч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсан бөгөөд хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул шүүх эмнэлгийн дүгнэлт нууцлалтай байгаа аж. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлтээс бусад тогтоох шаардлагатай ажиллагаанууд хийгдэж байгаа юм байна.