Дашбатын Тэлмэн. Багш аав, ээжийн инженер хүү. Тодруулбал, авто замын инженер мэргэжилтэй. Хувийн хэвшил байгуулж үйлчилгээний салбарт цөөнгүй жил ажилласан. Төрж, өссөн Хан-Уул дүүрэгтээ дөрвөн үеэрээ амьдарч буйгаараа бахархдаг, их хотын унаган хүүхэд.
Тэрээр энэ удаад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10-р тойрог, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд нэр дэвшиж байна.
Д.Тэлмэнтэй ярилцсанаа хүргэе.
-Таны яриаг сонсоход хотынхоо гудамжаар алхаж явахад шийдэл нь тодорхой ажлууд их анзаарагддаг гэжээ. Сайн дураараа асуудлуудад шийдэл хайж явахаар өөрөө хийгээд үзье гэж шийдвэр гаргасан уу?
-Магадгүй. Явган хүний замаар алхаж байхад харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан зам дээр шон байх жишээтэй. Анхнаас нь тэрийг зохицуулаад шийдэхгүй, хийчхээд араас нь засдаг. Энэ чинь уг нь их жижигхэн асуудал. Мэргэжлийн ур чадвар, мэдлэг гэхээсээ илүүтэй сэтгэл хандлага нь дутаж гэж хардаг. Тэгэхээр хандлага нь өөрөө асуудал юм л даа.
-Та бас зөв хүн бол бүх зүйл хэвийн голдирлоо үргэлжлэхийн суурь нь гэж тодорхойлсон. Зөв хүн гэж таныхаар хэн бэ?
-Ямар ч зүйлд сэтгэлээсээ ханддаг, тодорхой, ойлгомжтой, ашиг сонирхлоо арагш тавьж, хүний үгийг сонсож, хүлээж авч чаддаг бол зөв хүн. Зөв хүнд хүн чанар байдаг, хэрэгтэй цагтаа бууж ирдэг ухаан ч бас хамт байна.
-Ажаад байхад залуучууд шударга, үнэнээрээ байж чаддаг байвал зөв хандлага аясаараа тогтчих юмшиг санагддаг?
-Би залуучуудад ажлын байр гаргаж, хамтран ажилладаг байсан. Миний ажигласнаар залуу үе “за” гэчхээд алга болчихдог нийтлэг асуудалтай, буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Z үе гээд цээжээ дэлдээд та нарынх шиг байх албагүй орчин үед ийм байх ёстой гэсэн өөрсдийн агуулгадаа итгэчихсэн. Энэ бол буруу. Хэчнээн өндөр боловсрол эзэмшсэн ч хүнийг сонсдог, шүүмжлэлийг хүлээж авдаг, бодит нөхцөл байдлыг дүгнэж чаддаг байх хэрэгтэй. Шүүмжлэл гэдэг юм чинь өөрийгөө засах гарц шүү дээ.
-Хувь хүн талаасаа зарчим, үзэл бодлоо хуваалцаач?
-Би амьдралдаа ямар ч хүнтэй эргээд уулзах нүүртэй байя гэсэн л зарчимтай хүн. Чаддаг, чаддаггүйгээ шууд хэлдэг, тодорхой байхыг хүсдэг. Ямарваа нэг ажлыг хийе гэвэл махраад зүтгэчихдэг. Ядарсан ч, няцаасан ч зүтгэж дуусгаж байж л санаа амардаг. Энэ нэг талдаа сайн чанар биш юм шиг санагддаг.
-Иргэд төлөөлөх хүнд бол авууштай чанар шиг санагдлаа…?
-Би хувийн хэвшилд ажиллаж байхдаа төрийн үйлчилгээ авахдаа тодорхойгүй байдалтай ихээхэн нүүр тулсан. Ярья, тэгж байгаад ир гэнэ. Удаа дараа энэ үйлдэл давтагдаад байхаар яагаад ийм болчхов, яах ёстой юм бол гээд боддог юм билээ. Намайг хүүхэд хөршийн холбоо сайтай, хонь гаргалаа гэхэд хөршийндөө шинэ шөл хүргэдэг, нөгөө айл нь саванд чихэр хийгээд өгдөг. Өндөр настай хүнд бүгдээрээ тусалдаг сайхан чанарууд нийтлэг байсан. Гэтэл тэр сайхан уламжлал явсаар байгаад тусын хариуд тус эрдэг, гар цайлгадаг дадал болчихсон юм шиг байгаа юм.
Үүнийхээ оронд хариу харалгүй хүнд тусалчихдаг, ямар ч ажлыг нь бүтээнэ гэсэн сэтгэлээр ханддаг баймаар.
-Ялангуяа төрийн үйлчилгээ авахад иргэд сэтгэл дундуур үлдэх нь элбэг. Яагаад гэхээр наад хариу нэхдэг тусын сэтгэлгээ тэнд бас яваад байгаа юм болов уу?
-Аливаа зүйл тодорхой байх нь маш чухал. Хүн болгон төрийн албаны процессыг мэдэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй, мэдэх ч албагүй гэдгийг бас мэдрэх хэрэгтэй. Зүгээр л тэр үйлчилгээ нь хэрэг болоод ирэхэд нь зөв хандаад бүрэн үйлчлэхэд нь болчихно. Өнөөдөр ихэнх үйлчилгээ онлайн болчихсон л гэж байна. Үүн дээр ч гэсэн иргэдэд тусламж хэрэгтэй л байгаа. Тэгэхээр энэ бүхнийг хандлагаар л засах болов уу гэж хардаг.
-Залуус бас өмнөх үе рүүгээ их довтолдог. Ялангуяа төрийн албанд залгамжлаад явах нь чухал болохоос буруутгаж, чичлээд үр дүн гарахгүй л болов уу?
-Бид энэ хотыг өдий болтол бий болгоод ирсэн өнгөрсөн үеэ шүүх эрхгүй. Өнгөрсөн үеэ гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна гэдэг үг бий. Өмнөх үеэ хүндэтгэж, сонсож, алдаан дээрээс нь сургамж авч ирээдүй цагаар төлөвлөж, одоо цагт шийдэх ёстой. Залуу үе ахмадуудынхаа шүүмжлэлийг сонсоод тэрнээс дүгнэлт хийхэд их зөв шийдэл гарна даа.
-Одоо нийслэл 20 минутад багтаж “ажлаа амжуулдаг” иргэнд ээлтэй хот болохоор ажиллаж байна. Дүүрэг болгон энэ концепцод нийцүүлсэн хөтөлбөр гаргасан. Таны нэр дэвшиж буй тойрог үүнтэй хэрхэн уялдах вэ?
-15 дугаар хороо бол жижиг газар нутаг дээр хамгийн их хүн ам суурьшсан онцлогтой. “20 минутын хот”-ын хүрээнд олон ажил төлөвлөгдөж, нэлээдгүй ажлууд хийгдээд эхэлчихсэн. Эрүүл мэндийн салбараар ярихад иргэнээ өвдсөн хойно нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг чадавхжуулах зэргээр тусгасан.
За тэгээд ногоон байгууламж, ногоон зурвас камержуулалт гээд яривал их зүйл бий. 15 дугаар хорооны хотхон бүр тохирсон зай талбайд зогсоолтой ч хүртээмж муутай. Шинээр шийдье гэхээр боломжгүй. Тэгэхээр иргэн, СӨХ, төр гэсэн гурав хамтарч байж шийдэлд хүрнэ. Боломж бололцоо бол бий. Эв найрамдлын гүүр хэрэгтэй. Хэн, хэнтэй нь очоод уулзчихдаг, өөрийнхөө хүслийг тулгах бус бүгдэд нь ашигтай шийдэл хайдаг л байх хэрэгтэй.
-Садан төрлүүд дунд нэг бүхнийг холбож зохицуулдаг нэг хүн байдаг, тэрэн шиг л байх нь. Танд энэ төрлийн туршлага хэр вэ?
-Туршлагатай шүү. Манай арван жилийн ангийнхан намайг зохион байгуулагчаар томилдог. Бас л хаана ч явсан зохион байгуулалтын шийдлийг олоод харчихдаг зантай.
-Сонгуулийн дараа би лав энэ хүнийг сонгоогүй, яагаад гараад ирсэн юм бол гэх яриа гардаг. Тэгэхээр иргэд сонголтод яаж хандах ёстой вэ?
-Залуучууд ач холбогдол өгдөггүй, тэгсэн хэр нь араас нь шүүмжлээд, гомдоллоод байдаг. Одоо сонгууль болох гэж байна. Бүгд хүмүүсээ идэвхтэй судалж байгаад саналаа өгмөөр байгаа юм. Нөгөө талаас нь харвал иргэдийн хамгийн их хүсээд байгаа юм нь эргэх холбоо. Сонгогдоод явчихдаг, эргээд байдаггүй. Дөрвөн жилийн дараа юу хийсэн нь мэдэгдэхгүй гараад ирдэг гэж их ярьж байна.
-Эдгээр нөхцөл байдлыг нь ойлгож харсан хүний хувьд хэрхэн ажиллахаа төсөөлсөн байх?
-Иргэдийн хэрэгцээнд нийцүүлсэн хүнд хэрэгтэй зүйлийг хийж, үүнийгээ дуусгаад явах хэрэгтэй. Хүүхдэд чиглэсэн асуудал бол яг эцэслээд шийдэж, ингэхдээ иргэдийг татаж оролцуулаад, явцаа бас тайлагнах нь зөв санагдаж байна.
– 15 дугаар хороо 19800 оршин суугчтай хэр нь нэг сургуультай. Шигүү төвлөрөлтэй орон сууцны хороолол учир шинээр төлөвлөлт хийх боломжгүй. Асуудлууд нь их адармаатай байх нь?
-Адармаатай байх нь нэг талдаа бас зүгээр гэж бодож байна. Үүнийг шийдээд болгоод харуулах нь л чухал. Бусад улс орнууд асуудлаа хэрхэн шийдсэнийг судлаад, авахыг нь авч нутагшуулах. Ингэхдээ өв уламжлалтайгаа уяад шинэчлэх шийдлийг ольё.
-Манайхан ямар ч ажлыг уламжлаад залгамжлаад явахаасаа илүүтэй улс төржүүлээд миний, чиний гээд орхидог?
-Хувь хүнтэй л холбоотой асуудал. Хэн байх, хаана ажилладгаас үл хамаарч хүний төлөө хийж байгаа зүйлийг хамтраад хийчихдэг чадвартай л байх хэрэгтэй. Тэгж байж энэ улс орны жижиг сажиг асуудлууд шийдэгдэнэ. Бидний орчин бол биднийх, хамтраад л бүтээе. Хүнд маш олон бодол эргэлддэг, тэрийг дагаад шийдэл цухалздаг. Яваад л байвал бодол хэвээр үлдэнэ. Тэгэхээр одоо болъё, яваад оръё чадахаасаа чадахгүй хүртэл зүтгэе. Ад болбол болог гэж бодсон. Хэний төлөө вэ. Хүүхдийнхээ төлөө, орчныхоо төлөө томоор харвал эх орныхоо төлөө л юм.
-Та төрсөн өссөн, хаана нь юу байгааг нь мэддэг Хан-Уулын унаган хүүхэд. Асуудлаа арван хуруу шиг мэднэ гэдэг шиг л?
-Энэ гудамжаар алхахад эмээ, өвөө, аав, ээж, хүүхэд нас гээд миний бүх амьдралын дурсамж хөвөрнө. Миний хүүхэд насанд амьдарч байсан байшин одоо ч байна. Миний хүү, охин хоёр одоо 6, 7 дугаар анги. Энэ он цагийн хэлхээс цааш ингээд үргэлжилнэ. Тэгэхээр хүн бүрийн амьдралын түүхийг бүтээсэн энэ газар хөршийн холбоог сэргээж шинэчилж, сайжруулах хэрэгтэй. Иргэд маань эрх нь зөрчигдөөд байвал хамтдаа дуугардаг байя. Асуудал шийдэх гэхээр тоотой хэдхэн хүн л гарч ирдэг. Эндээс л итгэл үнэмшилгүй байдал, алдаа дутагдал бий болдог. Би төрийн албанд ажиллаж үзээгүй. Гэхдээ иргэдээ төлөөлөөд дуугарч, ажиллаж чадах зүтгэл байна, хичээнэ дээ. Асуудлууд бол дундаршгүй их байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
1 сэтгэгдэлтэй
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.