Архангай, Өвөрхангай аймгийн Онцгой комисст шаардлагатай зарим дэмжлэг үзүүлэв

timelive.mn 2024-10-7

Хангайн бүсэд “Шинэ хоршоо” хөдөлгөөний явц болон өвөлжилтийн бэлтгэл хангах ажил ямар байгааг газар дээр нь шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөхөөр Архангай, Өвөрхангай аймагт ажиллалаа.
Өвөрхангай аймагт нийт нутгаар өвөлжилт хүндэрч, зудтай байсан бөгөөд үргэлжлэн хавар, зуны хүчтэй салхи шуурга, үер ус, гал түймрийн гамшигт цөөнгүй айл өрх өртсөн тул Богд, Бүрд, Хархорин, Нарийнтээл, Баруунбаян-Улаан сумдын малчин өрхүүдэд УОК-оос гэр олгохоор шийдвэрлэлээ.
Мөн гамшгийн хор уршгийг арилгахад зориулж аймгийн Онцгой комисст 100 сая төгрөг, Аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай автомашин, Аймгийн онцгой комисст орчин үеийн хүчин чадал бүхий ус соруулах помп шийдвэрлэв.
Архангай аймгийн тухайд мөн ялгаагүй зудын хүндрэлийг даван туулсны араас үргэлжлээд үер ус, хүчтэй салхи шуурга зэрэг байгалийн гамшигтай тулгарсан учраас Жаргалант, Эрдэнэмандал, Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэбулган сумын гамшигт өртсөн айл өрхөд гэр, аймгийн Онцгой комисст 100 сая төгрөг шийдвэрлэлээ.
Зарим сумдад гантай байсан тул энэ жил өвөлжилт мөн хүндрэх төлөвтэй байгаа учраас аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, Засгийн газрын тогтоол, УОК-ын албан даалгаврыг биелүүлэн ажиллаж байгааг хэллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс” болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж, хор хөнөөл цаашид ч дэлхий нийтээр өсөн нэмэгдэх судалгаа тооцоолол гарсан тул хөдөө аж ахуйн салбар хамтарч нэгдэж байж гамшгийн эрсдэлийг сөрөн тэсвэрлэх чадавхаа сайжруулах асуудал нэн чухал учраас Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа. Малчид, орон нутгийн удирдлагууд ч нөхцөл байдлыг ойлгож, дэмжин хамтарч ажиллаж байгаа нь сайн хэрэг юм.