“Олон улсын Кибер аюулгүй байдлын индекс – 2024” тайланд дурдсанаар Монгол Улс 194 орноос 103-т эрэмбэлэгдэж, 2020 онтой харьцуулахад, 17 байр урагшилсан. Гэвч цахим орчинд иргэдийн мэдээллийг хулгайлах, хууль бусаар ашиглах зэрэг зохион байгуулалттай гэмт хэрэг нэмэгджээ.
Төр захиргаа, олон нийтийн байгууллага, хувийн хэвшил, иргэн үл харгалзан дээрх халдлагад өртөж, сүүлийн таван жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг 25,849-д хүрчээ.
2023 онд гэхэд дээрх гэмт хэргийн улмаас 87.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүний ихэнх нь энгийн иргэд рүү дайрсан халдлага байжээ. Учир нь нэр бүхий компани, төрийн байгууллагын нэрийг барьж, хуурамч өгөгдөл, линк, тоглоомоор дамжуулан иргэд, хуулийн этгээдийг хохироож байна. Ингэхдээ иргэдийн цахим шуудан, мессенжер, утасны дугаар руу мэдээллээ илгээхээс гадна реклам сурталчилгаагаар дамжуулан иргэдийг олзолдог. Энэ мэтээр цахим орчинд гэмт хэрэг үйлдэх арга барил улам хөгжиж, эрсдэл дагуулж байгааг олон улсын байгууллагуудаас анхааруулдаг. Тиймээс Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлох хэрэгцээ үүссэн.
Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын санаачилгаар Оксфордын их сургуультай хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшний үнэлгээ”-г тодорхойлох судалгааг 2024 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс эхлүүллээ.
Судалгаанд төр, хувийн хэвшил болон олон улсын 100 гаруй байгууллагын төлөөллийг хамруулав. Урьдчилсан үр дүнг 2024 оны сүүлчээр зарлаж, олон нийтэд мэдээлнэ. Оксфордын их сургуулийн эрдэмтэд энэхүү судалгааг дэлхий даяар хийж байгаа бөгөөд Монгол Улс 95 дахь улс нь болж байна. Тус судалгаанд Их Британийн Засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллага зэрэг олон талт эх сурвалжуудаас бүрдсэн 200 гаруй мэргэжилтний хамтран боловсруулсан загварчлалыг ашигладаг. Үр дүнг таван түвшнээр гаргаж, Кибер аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлыг тодорхойлдог байна. Ингэснээр цахим орчин дахь иргэдийн аюулгүй байдлыг хангах бодлого төлөвлөлтөд шийдэл олоход түлхэц болно.
2 cэтгэгдэлтэй
Insanont I like the efforts you have put in this, regards for all the great content.
Fran Candelera naturally like your web site however you need to take a look at the spelling on several of your posts. A number of them are rife with spelling problems and I find it very bothersome to tell the truth on the other hand I will surely come again again.