Олон тооны тэмээ дайрч осол гаргасан Франц улсын иргэнийг 100 мянгаар торгожээ

timelive.mn Өчигдөр

Франц улсын иргэн Ж нь энэ сарын 20 /2024.08.20/-ны өдөр  Дундговь аймгийн Хулд сумын нутагт 2024 онд үйлдвэрлэгдсэн Патриот маркийн автомашинтай зорчиж явахдаа олон тооны тэмээ дайрч, зам тээврийн осол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, зөрчлийн хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал, Франц Улсын иргэн Ж-д 2024 оны есдүгээр сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих

14.7.51.Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.