Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон “Бостон консалтинг групп” зөвлөх үйлчилгээний компани хооронд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай гурвалсан гэрээ байгууллаа.
Гэрээнд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Даваажаргал, “Бостон Консалтинг Групп”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Григорий Рубин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Т.Баттулга нар гурвалсан гэрээнд гарын үсэг үзэглэв.
“Бостон Консалтинг Групп” нь 1963 онд АНУ-д үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн тэргүүлэгч зөвлөх үйлчилгээний компаниудын нэг юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус компани агаарын тээвэр, зочид буудал, үзвэр үйлчилгээ, усан аялал, аялал жуулчлалын дэд бүтэц зэрэг салбаруудад 1200 гаруй төсөл дээр ажилласан туршлагатай.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалын салбарт шинэ стратеги боловсруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм. Үүнээс гадна, аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулах, жуулчдад тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх арга замыг боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.
Монгол Улс 2024 оны 10-р сарын байдлаар 700 мянга гаруй жуулчин хүлээн аваад байна. Засгийн газар 2028 он хүртэл “Монголд зочлох жил”-ийг зарласан бөгөөд энэ онд жуулчдын тоог 1 саяд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Тус гэрээ нь аялал жуулчлалын салбарт хийх судалгаа, бодлогын баримт бичиг боловсруулах, статистик дүн шинжилгээ хийх, ижил төрлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үзүүлэгч орнуудтай харьцуулсан судалгааг боловсруулах зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааг дэмжинэ гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
1 сэтгэгдэлтэй
FinTechZoomUs I’m often to blogging and i really appreciate your content. The article has actually peaks my interest. I’m going to bookmark your web site and maintain checking for brand spanking new information.