“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн байгаль-экологийн судалгааны ажлууд амжилттай хийгдэж байна

timelive.mn 5 цагийн өмнө

ЭГУЦС-ын төслийг хэрэгжүүлэх тухай асуудал 1964 онд анх яригдаж  эхэлснээс хойш үе үеийн засгийн газар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн ч ОХУ-ын талтай бүрэн ойлголцолд хүрч чадаагүй өдий хүрсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш олон жил гацсан ЭГУЦС-ын төслийн ажлыг хөдөлгөх талаар бид олон дараалсан ажлыг хийж ирсэн.

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 46 дугаар хуралдаанаас Монгол Улс Эгийн голын усан цахилгаан станцыг хэрэгжүүлэхээр төлөвлөн, энэхүү төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг Дэлхийн өвийн нөлөөллийн үнэлгээ хийх заавар, зөвлөмж болон олон улсын стандартын дагуу хийх гэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн нь цаашид энэ төсөл амжилттай хэрэгжих үндэс болно гэж үзэж байна.

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд нар “Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурж, мөн санамж бичгийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн тохирч гарын үсэг зурсан. Энэ баримт бичигт хоёр талд ЭГУЦС-ын байгаль-экологийн үнэлгээг хийх ажлын хэсгийг байгуулж байсан.

Монголын талаас “Эгийн голын усан цахилгаан станц төслийн сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох судалгаа”-ны ажлын даалгаврыг батлан гаргасан.

Сар гаруйн өмнө хоёр талын ажлын хэсгийн анхдугаар хуралдаан Москва хотноо болж, хэлэлцсэн асуудлаар бүрэн ойлголцож, санал нэгдээд 2 дугаар хуралдааныг 6 дугаар сард Монгол Улсад хийхээр боллоо. Ажлын хэсэг Монгол-Оросын талын сайд нарын баталсан ажлын төлөвлөгөөний дагуу 2026 оны 01 дүгээр хагаст багтаан Эгийн голын УЦС-ын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлт гаргах зорилттой ажиллаж байна.

Мөн “Олон улсын гэрээ хэлэлцээр, шинжлэх ухаан технологи инновацын хуулийн 31.5 заалт болон мега төслийн техник технологийн шийдэл нэгдмэл, уялдаатай байх шаардлагатай зэргийг  үндэслэн “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн хил дамнасан Сэлэнгэ мөрний сав газрын ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн экологийн иж бүрэн үнэлгээг, мөн төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажлуудыг 2026 оны эхний хагаст, төслийн туслах далангийн ТЭЗҮ боловсруулах ажлыг 2025 онд багтаан тус тус хийж гүйцэтгэх, төслийн туслах далангийн ТЭЗҮ боловсруулах болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнүүдийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг ШУА-ын холбогдох хүрээлэнд хариуцуулан  шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи /С.Дэмбэрэл/ -д төслийн санхүүжилтийг шийдвэрлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.