ХӨСҮТ: Хордлогод орсон уурхайн ажилчдаас сальмонеллын нян илэрсэн

timelive.mn 9 цагийн өмнө

Өмнөговь аймаг дахь уул уурхайн компаниудын ажилчид хоолны хордлогод орсон хэд хэдэн тохиолдол сүүлийн үед гараад буй. Тиймээс ХӨСҮТ-өөс зургаан хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг халдварын голомтод ажиллажээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт хариуцсан дэд захирал Э.Одмаа мэдээлэл өгөв.

Тэрбээр, ХӨСҮТ-д 3-р сарын 17-ноос эхлэн хоолны хордлогот халдварын талаарх мэдээллийг ирүүлсэн. Өмнөговь аймагт хордлого гарснаас хойш ХӨСҮТ-өөс эмнэлзүй болон тандалт хийж, хариу арга хэмжээ авах мэргэжлийн баг томилон ажиллуулснаар шинжилгээний дүнгүүд эхнээсээ гарч байна.
Өмнөговь аймаг дахь уул уурхайн компаниудад 3-р сарын 17-нд 548, 4-р сарын 13-нд 970, 4-р сарын 6-нд 802 хүн хоолны хордогот халдварт өртсөн. Өртсөн хүмүүсийн 78 хувийг асуумж судалгаанд хамруулсан. Хордлогод өртсөн хүмүүсийн 15-33 хувьд халдварын шинж тэмдэг илэрсэн.
Халдварт өртсөн хүмүүсийн 74 хувийг шинжилгээнд хамруулж, 46 хувь нь халдвар авсан нь батлагдсан. Нийт шинжилгээний 29 тохиолдолд сальмонеллын нян илэрсэн. 3-р сарын 17-ны дэгдэлтээс 70, 4-р сарын 6-ны тохиолдол хүртэл 119, 4-р сарын 13-ны дэгдэлтээс 117 хүн ХӨСҮТ-д ирж хэвтэн эмчлүүлсэн. Ихэвчлэн 20-30 насныхан халдварт өртсөн. Гэдэс базалж өвдөх, халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн. Хүнд болон хүндэрсэн тохиолдол цөөн.

ХӨСҮТ-ийн мэргэжлийн багаас Гал тогоо болон угаалын өрөөг ариутгах, агуулах зэргийг батлагдсан хуваарийн дагуу тогтмол ариутгах, гал тогооны ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, хоол үйлдвэрлэлд оролцож буй бүх хүнийг гар угаах нөхцөлөөр хангах зэрэг зөвлөмж өгсөн гэв.