Ромео, Жульетта хоёр” жүжгийн үеэр гарсан ослын улмаас Унгарын театрын захирал огцрох өргөдлөө өгөв

timelive.mn 2023-11-14

Баасан гарагийн орой Унгарын Үндэсний Театрын тайзнаа Уилльям Шекспирийн “Ромео, Жульетта хоёр” жүжгийг хоёр дахь удаагийн үзүүлбэрийг тогложээ.

Энэ үеэр тайзан дээр зассан тагт нурж, Жульеттагийн дүрд тоглосон жүжигчин Юлиа Сас, Жульеттагийн аав Капулетын дүрд тоглосон жүжигчин Отто Лайос Хорват нар унахдаа хүнд бэртсэн байна.

Болсон явдалтай холбогдуулан Унгарын Үндэсний Театрын захирал Аттила Виднянски өчигдөр буюу Даваа гарагт огцрох өргөдлөө өгсөн юм.

Гэвч Унгарын соёлын сайд Янош Чак захирлын огцрох хүсэлтийг хүлээж авахаас татгалзжээ.

Ослын мөрдөн шалгах ажлын дүгнэлт гарсны дараа ямар арга хэмжээ авахыг шийдэхээ сайд мэдэгдсэн байна.

Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны ойрын хүн гэгддэг Виднянски театрын захирлаар сүүлийн 10 жил ажиллаж байгаа бөгөөд энэ оны эхээр дахин таван жил сунгаж ажиллах гэрээ байгуулсан юм.

Даваа гарагт сайд Чак, театрын захирал Виднянски нар Будапешт хотын эмнэлэгт бэртсэн жүжигчдээ эргэж очсон байна. Жүжигчдийн биеийн байдал сайжирч байгаа тухай сайд сүүлд сошиал хуудсаараа мэдээлжээ.

Уилльям Шекспирийн 1594 онд бичсэн “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт жүжигт дундад зууны Италийн хоорондоо дайсагналцдаг хоёр гэр бүлийн өсвөр насны залуусын хайр сэтгэлийн түүхийг өгүүлдэг юм.

 

Эх сурвалж: BBC