Украины олзны цэргүүдийг тээвэрлэж явсан Оросын онгоцны сүйрэлд Москва, Киевийн талууд харилцан нэгнээ буруутгав

timelive.mn 2024-01-25

Өчигдөр буюу Лхагва гарагт Украинтай хил залгаа Оросын Белгород мужийн нутагт нисэж явсан 74 зорчигчтой цэргийн ачааны Ил-76 онгоц осолдсон юм.

Онгоцонд Украины цэргийн олзлогдогсдыг солилцохоор тээвэрлэж байсан гэж Оросын тал мэдээлж байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам онгоцны сүйрэлд Украины талыг буруутгасан мэдэгдэл гаргажээ.

“Москвагийн цагаар 11:00 цагийн үед төлөвлөгөөт нислэг үйлдэж байсан Ил-76 онгоц Белгород мужийн нутагт осолдлоо” гэж уг мэдэгдэлд дурдаад “Киевийн дэглэмийн террорист ажиллагаа”-ны улмаас уг сүйрэл болсон гэж тайлбарласан байна.

Ил-76 бол агаарын десантын цэргүүд, байлдааны зэвсэг техник тээвэрлэх зориулалттай ачааны онгоц юм. Уг нисэх онгоц таван хүнтэй нислэгийн баг, 90 хүртэл тооны зорчигч тээвэрлэх багтаамжтай байдаг.

Эх сурвалжуудын мэдээлснээр онгоцонд Украины 65 олзны цэрэг, гурван харгалзагч, нислэгийн багийн зургаан гишүүн зорчиж явсан нь бүгд амиа алдсан гэнэ.

Оросын төрийн Думын дарга Вячеслав Володин бас уг онгоцыг Киевийн эрх баригчид Өрнөдийн пуужингаар унагасан гэж мэдэгдсэн байна.

“Тэд өөрийн цэргүүдийг агаарт байхад нь устгалаа. Хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэж явсан манай нисгэгчид бас амиа алдсан” гэж Володин өчигдөр Думын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр хэлжээ.

Дараа нь Украины эрх баригчид үүнийг няцаасан байна.

Тухайлбал Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг ослыг “Оросын эрх баригчид Украины олзны цэргүүдийн амь нас, төрөл төрөгсдийн болон манай ард түмний сэтгэл зүйгээр тоглосон үйлдэл болох нь тодорхой” гэж мэдэгджээ.

Тэрбээр онгоцны ослын шалтгааныг олон улсын мэргэжилтнүүдээр шалгуулах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлсэн байна.

Дайн эхэлсэн цагаас хойш Орос, Украины талууд хэд хэдэн удаа олзны цэргүүдээ солилцсон. Хамгийн сүүлд энэ сарын эхээр тэд Арабын Нэгдсэн Эмират Улсын зуучлалаар Оросын 248 цэргийг Украины 230 олзлогдогчоор солилцсон нь хамгийн том ийм ажиллагаа болсон юм.

Киевийн эрх баригчид Оросын олзонд одоо Украины 8,000 гаруй цэрэг, энгийн иргэн байгаа гэж үздэг.

Эх сурвалж: AFP