Өмнөд Солонгос улс өчигдөр Куба улстай дипломат харилцаа тогтоосноо зарласан нь ховор сонин үйл явдал байлаа.
Өчигдөр Нью-Йорк хотод хоёр улсын НҮБ дахь элч төлөөлөгчид дипломат харилцаа тогтоох баримт бичигт гарын үсэг зуржээ.
Ингэснээр Куба нь Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоосон дэлхийн 193 дахь улс болж байгаа юм байна.
Энэ үйл явдал Кубатай уламжлалт ах дүүгийн харилцаатай Умард Солонгосын дэглэмд том цохилт болж буйг ажиглагчид дүгнэжээ.
Тухайлбал Пёньяныг олон улсын тавцанд улам ганцаардуулах нэг чухал алхам болсон гэж үзэж байна.
Куба улс 1949 онд Өмнөд Солонгосыг хүлээн зөвшөөрч байжээ. Гэвч 1959 онд Фидель Кастро засгийн эрхийг авсны дараа харилцаагаа тасалсан байна.
Эсрэгээрээ Куба, Умард Солонгос улсууд 1960 онд дипломат харилцаа тогтоож, коммунист холбоотнууд болсон юм.
Эдийн засгийн гүн хямралтай байгаа Куба улсад Азийн дөрөв дэх том эдийн засагтай Өмнөд Солонгос худалдааны чухал түнш болж байна.
Өмнөд Солонгосын засгийн газрын Куба улстай харилцаагаа сайжруулах хүчин чармайлт сүүлийн 20 гаруй жил үргэлжилжээ.
1999 онд Куба улсын эсрэг худалдааны хоригийг цуцлах НҮБ-ын тогтоолыг Өмнөд Солонгос дэмжсэн нь хоёр улсын харилцааны эхлэл болж байв.
2016 онд Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд анх удаа Хавана хотод айлчлан очиж байжээ.
Кубад өнөөдөр солонгос гаралтай 1,100 хүн оршин суудаг гэсэн тоо баримт бий. Цар тахлаас өмнө Өмнөд Солонгосоос жил бүр дунджаар 14,000 орчим хүн Кубад зорчдог байжээ.
Сүүлийн жилүүдэд хоёр орны соёлын харилцаа улам эрчимжсэн байна. Тухайлбал Солонгосын поп урлагийг сонирхогч 10,000 гишүүнтэй “ArtCor” клуб Кубад байгуулагдсан нь үүнийг харуулж байна.
2022 онд Сөүл хотод Кубын киноны наадам зохион байгуулагдаж байжээ.
Одоо Өмнөд Солонгостой дипломат харилцаагүй НҮБ-ын гишүүн ганцхан улс үлдсэн нь Сири юм.
Эх сурвалж: Yonhap News
0 cэтгэгдэлтэй