Беларусийн Лукашенко 2025 онд дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

timelive.mn 2024-02-26

Беларусь улсыг 36 жил тасралтгүй удирдаж байгаа Александр Лукашенко ирэх онд болох ээлжит сонгуульд дахин өрсөлдөхөө Ням гарагт мэдэгджээ.

Өчигдөр тус улсад парламентын болон орон нутгийн сонгуулийн санал хураалт болсон юм. Өрнөдийнхөн, сөрөг хүчнийхэн энэ сонгуулийг хууль ёсны биш гэж зарлажээ.

“Тэдэнд (сөрөг хүч) намайг дахин өрсөлдөнө гэж хэлээрэй. Ямар ч хариуцлагатай ерөнхийлөгч өөрийг нь дагасан ард түмнээ хаядаггүй юм” гэж 69 настай Лукашенко ярьсныг БелТА агентлаг дамжуулсан байна.

Түүний мэдэгдлээс өмнө АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер “Энэ сонгууль ардчилсан үйл явц гэж тодорхойлох боломжгүй айдастай нөхцөл байдалд болж байна” гэж Беларусийн парламентын сонгуулийг шүүмжилсэн юм.

Хариуд нь Беларусийн Сонгуулийн Төв Хорооны тэргүүн Игорь Карпенко “Бид тэдний сонгуулийг шүүмжилдэггүй. Өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгууль нь олон асуудалтай болсон ч бид ямар ч байр суурь илэрхийлээгүй” гэж АНУ-тай барьцжээ.

Тэр цааш нь “Тэд бид илүү том учраас бусдад юу хийхийг нь заана гэсэн зарчимтай ажилладаг. Бид улс орныхоо сонгуулийг сайн зохион байгуулах чадвартай гэж бодож байна” гэж хэлсэн юм.

Санал хураалтын өдөр дуусахад ирц 73 хүрэхгүй хувьтай байжээ.

Лукашенко 2020 онд зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдоход Беларусьт томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байсан юм. Минскийн дэглэм энэ хөдөлгөөнийг хөрш ОХУ-ын тусламжтай хүчээр дарсан.

Тэр үеэс хойш Беларусьт сөрөг хүчнийг хяхан хавчих, өөр үзэл бодолтой хүмүүсийг барьж хорих явдал нэмэгдсэн тул олон мянган хүн эх орноосоо дүрвэсэн юм.

Лукашенко өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа парламентын үүрэг тус улсад улам нэмэгдэж байгааг хэлжээ.

“Ерөнхийлөгч бол бурхан биш, хаан биш гэдгийг Беларусийн ард түмэн ойлгож эхэлж байна. Энэ бол маш хэцүү ажил. Тиймээс парламентын үүрэг цаашдаа өдөр бүр, жил бүр өсөн нэмэгдэх болно” гэж тэр ярьсан байна.

Гэхдээ Ням гарагийн сонгууль ямар ч сөрөг хүчний оролцоогүй болж өнгөрсөн юм.

Ихэнх нэр дэвшигчид Цагаан Русь Нам, Коммунист Нам, Либерал Ардчилсан Нам, Хөдөлмөр, Шударга Ёсны Нам гэсэн дөрвөн намын гишүүд байлаа. Эдгээр нь бүгд Лукашенкогийн бодлогыг дэмждэг улс төрийн хүчнүүд юм.

Өнгөрсөн онд жинхэнэ сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх боломжтой арав гаруй намыг Беларусийн эрх баригчид бүртгэхээс татгалзаж байв.

Тиймээс гадаадад дүрвэсэн Беларусийн сөрөг хүчнийхэн энэ сонгуульд саналаа өгөхгүй байхыг иргэдэд уриалжээ.

“Дэглэмийн эрх баригчид зөвхөн өөрийн тоглоомын хүүхэлдэйнүүдэд зөвшөөрсөн учраас саналын хуудсанд бодит өөрчлөлтийг авчрах нэр дэвшигчид байхгүй байгаа. Бид энэ утгагүй жүжгийг бойкотолж, сонголтгүй сонгуулийг үл тоомсорлохыг уриалж байна. Тодорхой хэлье: Эрх мэдлээ хууль ёсны болгохын тулд хуурамч сонгууль ашиглах гэсэн дэглэмийн оролдлого амжилтад хүрэхгүй” гэж 2020 онд Лукашенкотой өрсөлдөж байсан Святлана Тихановская видео мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Сөрөг хүчнийхэн Тихановскаягийн энэ мэдэгдлийг Бямба гарагийн орой Беларусь даяар орших 2,000 орчим сурталчилгааны самбараар цацаж чаджээ.

Эдгээр сурталчилгааны самбаруудыг эзэмшдэг компанийн хэд хэдэн ажилчныг эрх баригчид баривчилсан тухай Ням гарагт Вясна хүний эрхийн байгууллага мэдээлсэн байна.

Тус байгууллагын мэдээлснээр одоо Беларусийн шоронгуудад 1,419 улс төрийн хоригдол байгаа ажээ.

 

Эх сурвалж: AFP