Энэ долоо хоногт Украины эрх баригчид хилийн чанадад байгаа цэргийн насны эрчүүдэд консулын үйлчилгээ үзүүлэхээ зогсоож байгааг зарласан.
Тэгвэл өчигдөр Польш, Литва улсууд өөрийн нутаг дэвсгэрт орогнож буй цэргийн албанаас зайлсхийсэн иргэдийг нь Украинд буцааж шилжүүлэхээр бэлдэж байгаагаа мэдэгджээ.
“Бид цэргийн алба хаахаас зугтсан иргэдийг нь буцааж шилжүүлэх саналыг Украины талд эртнээс тавьж байсан” гэж Польшийн батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш өчигдөр Polsat телевизийн сувгаар ярьсан байна.
Ингэхдээ тэр ямар механизм ашиглах талаар дэлгэрүүлээгүй юм.
Литва улсын ерөнхийлөгч Лауринас Касчиунас мөн ижил арга хэмжээ авч магадгүй байгаагаа өчигдөр мэдэгджээ.
“Украинд дайчилгааны нөөц маш их дутмаг байна. Энэ нь эх орныхоо төлөө дайтаж буй иргэдэд шударга бус юм” гэж тэр ярьсан байна.
Украины парламент саяхан цэргийн алба хаах насны доод хязгаарыг 27-оос 25 болгон бууруулсан юм.
Лхагва гарагт Украины гадаад хэргийн яам хилийн чанадад амьдарч буй цэргийн насны эрэгтэй иргэддээ консулын үйлчилгээ үзүүлэхийг зогсоож байгааг зарлажээ.
Зарим нь дайны фронт дээр амь үрэгдэж байхад нөгөө нэг хэсэг нь гадаадад “ресторанд сууж байх” ёсгүйг гадаад хэргийн сайд Дмитро Кулеба тухайн үед анхааруулж байв.
2022 оны хоёрдугаар сард Оросын эзлэн түрэмгийлэх дайн эхэлсний дараа Украинаас олон мянган эрчүүд дүрвэсэн юм.
Тэдний зарим нь хил давахын тулд хээл хахууль өгч байв.
Польш дахь Украины Сан байгууллагын дэд тэргүүн Игорь Лисин 300,000-400,000 орчим цэргийн насны эрчүүд тус улсад оршин сууж байж болзошгүй гэсэн баримжаа тоог хэлсэн байна.
Польшийн парламент ирэх долоо хоногт тус улсад оршин сууж буй Украины бүх дүрвэгчдэд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэхдээ хүчинтэй паспорт шаардах шийдвэр гаргаж магадгүй байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian
0 cэтгэгдэлтэй