Өмнөд Солонгос улсад “deepfake porn” онц байдал зарлах хэмжээнд хүрчээ

timelive.mn 2024-08-29

Өмнөд Солонгосын интернэт орчинд “deepfake porn” буюу хиймэл оюуны технологиор бүтээсэн хуурамч садар самуун дүрс бичлэгүүд хүчтэй тарсан нь тус улсын эрх баригчдын санааг зовоож эхэлжээ.

Саяхан тус улсын эрх баригчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ийм аргаар бүтээсэн дүрс бичлэгээ хуваалцдаг асар олон чат группийг Телеграм платформоос илрүүлсэн байна.

Ийм группийн хэрэглэгчид залуу охид бүсгүйчүүдийн нүүр царайг бодит гэрэл зургаас авч, хуурамч биед залгах аргаар садар самуун материалуудыг үүсгэдэг байжээ.

Лхагва гарагт Өмнөд Солонгосын медиа, хэвлэл мэдээллийн хяналт зохицуулалтын байгууллага энэ асуудлаар шуурхай хуралдаан зохион байгуулжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл ийм төрлийн гэмт үйлдлийг сайтар шалгаж, устгах даалгаврыг холбогдох албаныханд өгсөн байна.

“Сүүлийн үед тодорхойгүй тооны хүмүүст чиглэсэн хуурамч дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр хурдацтай тархаж байна. Хохирогчид  нь ихэвчлэн насанд хүрээгүй охид, гэмт этгээдүүд нь голдуу өсвөр насныхан байна” гэж тэр хэлжээ.

Дээр дурдсан группийн хэрэглэгчдийн зарим хэсэг нь ангийнхаа охид болон эмэгтэй багш нарын гэрэл зургийг нийлүүлж, нөгөө нэг хэсэг хэрэглэгчид түүнийг нь порно дүрс бичлэг үүсгэхэд ашиглаж байсан байна.

Телеграм платформыг үүсгэн байгуулагч Павел Дуровыг өнгөрсөн Бямба гарагт Францын эрх баригчид баривчилсан. Тэгвэл энэ баривчилгааны дараахан Өмнөд Солонгост ийм нууц сүлжээг илрүүлжээ.

Өмнөд Солонгос нь дижитал садар самууны гэмт хэргийн хар бараан түүхтэй улс.

2019 онд Телеграм сүлжээнд охид бүсгүйчүүдийн нүцгэн зураг, бичлэгийг солилцдог групп илэрч, тус группийг үүсгэн байгуулагч Чо Жү Бин 42 жилийн хорих ял сонсож байв.

Энэ оны эхний долоон сард “deepfake porn” хэргийн хохирогч болсон 297 тохиолдол Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Харьцуулбал 2023 оны турш ийм хэрэг 180 бүртгэгдэж байсан байна.

Сүүлийн гурван жилд бүртгэгдсэн хэргүүдийн гуравны хоёроос илүү хэсгийг өсвөр насныхан үйлдсэн байжээ.

Сүүлд илэрсэн Телеграмын группүүд Өмнөд Солонгосын 200 гаруй сургуулийг хамарсан байсныг Солонгосын Багш Нарын Үйлдвэрчний Эвлэл мэдээлсэн байна.

Багш нарыг чиглэсэн хуурамч бичлэгийн тоо сүүлийн хоёр жилийн хугацаанд хурдацтай өссөнийг Боловсролын яам мэдээлжээ.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн, сөрөг хүчний гол төлөөлөл Ардчилсан Намын даргын үүрэг гүйцэтгэгч асан Пак Жи Хюн засгийн газартаа үндэсний хэмжээний онц байдал зарлахыг уриалсан байна.

“Бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хуурамч материалыг ганцхан минутын дотор бүтээж, ямар ч шүүлтүүр хяналтгүйгээр тарааж байна. Ийм хэрэг улсын хэмжээнд ихэвчлэн дунд болон ахлах сургуулиуд, их сургуулиудад гарч байна” гэж Пак сошиал хуудсандаа бичжээ.

Ерөнхийлөгч Юн Сүк Ёл “Хэдийгээр үүнийг зүгээр нэг хошигнол гэж байгаа ч технологи ашиглаж, нэрээ нууцалсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм” гэж хэлээд залуу үеийнхний дунд эрүүл медиа соёл төлөвшүүлэхэд анхаарч ажиллахыг албаныханд даалгасан байна.

Гэхдээ шүүмжлэгчид Өмнөд Солонгосын нийгэмд эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдаж буйг хүлээн зөвшөөрдөггүй Юн Сүк Ёлын засаг захиргаа хэлсэн зүйлээ хэрэгжүүлж чадна гэдэгт эргэлзэж байгаа ажээ.

Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө тэр Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд “хүйсээр ялгаварлан гадуурхагддаггүй” гэж хэлж байсан юм.

Одоогоор тус улсад нээлттэй компаниудын гүйцэтгэх удирдлагын албан тушаалын ердөө 5.8 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бол эмэгтэйчүүд дунджаар эрчүүдийн авдаг цалингийн гурваны хоёр орчмыг авдаг.

 

Эх сурвалж: BBC