
Бээжин хотын хуучин гангийн үйлдвэрийн талбайд Ази-Номхон далайн хамгийн том технологи, өргөн нэвтрүүлгийн үзэсгэлэн болж байна. Уг үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд болох бөгөөд түүх болон ирээдүйн технологийн гайхамшгийг нэгтгэсэн үйл явдал, нээлтүүдээр дүүрэн юм. Нийт 600 гаруй үзэсгэлэнд оролцогч, 8 мянга орчим зочин, төлөөлөгч, 300 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага оролцож байна. Мөн 50 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий гангийн үйлдвэрийн талбайд нийт таван салбарын үзэсгэлэнг тус тусад нь нээж, Ази тивд медиа технологийн чиглэлээр тэргүүлэх форумыг зохион байгуулж буй.
Технологийн шинэ чиглэл: “AR”, “VR”, робот нохой
Энэ жилийн үзэсгэлэнд дараах шинэлэг технологийн бүтээгдэхүүнүүд гол төлөв олны анхаарлыг татаж байна. Үүнд:
- AR/VR интеграци: Виртуал дүрсийг бий болгох шинэ систем болон бодит мэт дүрслэл бүхий нэвтрүүлэг.
- Хиймэл оюун ба робот технологи: Шууд нэвтрүүлэг цацах, зураг авалтад зориулсан алсын зайны удирдлагатай робот нохой.
- “8K+5G” шийдэл: Дээд зэргийн нарийвчлалтай видео дамжуулалтын технологи.
Засаглал ба салбарын тэргүүнүүд бодлого боловсруулж байна Үзэсгэлэнгийн үйл явдлаас гадна “CCBN 2025” нь засгийн газрын төлөөлөгч, инженер, медиа салбарын удирдагчдыг нэгтгэсэн форумыг зохион байгуулж байна.
- Тусгай хэлэлцүүлгүүдэд: Хиймэл оюуныг нэвтрүүлэгт ашиглах журам стандарт
- Хятадын дижитал эдийн засгийг хөгжүүлэх салбарын хамтын ажиллагаа
- Голографик дамжуулалт зэрэг шинэ технологийн дэлхийн стандартуудыг хэлэлцэж буй.
Түүнчлэн, Хятадын дотоодын технологийн брэнд болох “Huawei”, “Xiaomi”, “Dayang” зэрэг нь шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Үүнд “IP” технологи, үүлэн системийг шинэчилж интернэт сүлжээний хурдыг нэмэгдүүлэх, “8к” өнгөт зурагтын шинэ эрин үе болон голографик, шилэн дэлгэц зэрэг багтана.
“CCBN”-ийн ерөнхий менежер Хуафен Ши хэлэхдээ, “Орчин үеийн техник технологийн хөгжилд Ази тив үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинаа манлайлж байна. Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь Ази-Номхон далайн технологийн хөгжил аль шатанд явж буйг батлах юм. CCBN нь контент, хэвлэл мэдээлэл, энтертайнмент, технологийн салбарын Ази дахь онцлох арга хэмжээ болохын хувьд салбарын хөгжил дэвшлийн тууштай ажиглагч, идэвхтэй оролцогчийн эгнээнд ордог. Инновацийг дэмжих, хувь хүмүүсийг чадавхжуулах бидний амлалт үргэлжилсээр байна. Хятадын эдийн засгийн өсөлт сэргэснээр Хятадын аж ахуйн нэгжүүдийн дэлхийн контент, хэвлэл мэдээлэл, зугаа цэнгэл, технологийн талбарт гүйцэтгэх үүрэг ихээхэн нэмэгдэв. Үүний зэрэгцээ хөгжиж буй, боловсронгуй Азийн зах зээл нь гадаадын аж ахуйн нэгжүүдэд бизнесийн гайхалтай ирээдүйг харуулж байна. Юуны өмнө, CCBN нь бүтээлч, технологи, арилжааны нийгэмлэгүүдийг нэгтгэсэн гол платформ болж өгдөг. Энэ нь түншлэлийг бий болгож, гэрээ хэлэлцээрүүдийг бэхжүүлж, шинэлэг санааг солилцох хэлхээ холбоог бий болгодог бөгөөд энэ нь хөгжиж буй Азийн зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах жинхэнэ гарц юм” гэв.
Хуучин гангийн үйлдвэрийн талбайд зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэн нь Хятадын хуучин үйлдвэрлэлээс технологийн ирээдүй рүү шилжсэн шилжилтийг бэлгэдэж байна. 40 гаруй туршилтын үзүүлэн, 15 илтгэлийн хурал зэрэг арга хэмжээгээр Бээжин хот медиа технологийн төв болсноо дахин нотолж байна.
0 cэтгэгдэлтэй