Чингис хаан Үндэсний музей, Москвагийн Кремлийн музейтэй хамтарна

timelive.mn 11 цагийн өмнө

Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун ОХУ-ын Кремлийн музейн ерөнхий захирал Е.Ю.Гагаринатай хамтын ажиллагааны талаар уулзжээ.

Чингис хаан музейгээс Москвагийн Кремлийн музейтэй хамтран хаадын бэлгэ сэлт, дипломат харилцааны түүхэнд холбогдох судалгаа хийхээр ярилцаж, музейн шилдэг үзмэр бүхий каталог, эрдэм шинжилгээний бүтээлүүдээ солилцсон байна. Оросын Михайл Федерович хаанаас эхлэн их Петр хүртэлх хаад Дорно дахинтай Монголын нутгаар дамжин харилцдаг байсан түүхэн хугацаанд оросууд 44 удаа элч зарж байсан тухай баримт байдаг. Монголын хаадаас мөн төдий олон тооны элч төлөөлөгч илгээж холбоо харилцаа тогтоож байсан түүхтэй.

Москвагийн Кремлийн музейг анх “Оружейная палата” нэртэйгээр 1804 онд Оросын хаан Нэгдүгээр Александрын зарлигаар байгуулж байсан юм. Бүрэлдэхүүнд нь Оружейная палата, Алмазный сан хөмрөг, Успенскийн сүм, Архангельскийн сүм, Благовещенскийн сүм зэрэг 10 гаруй музей харьяалагддаг. Тус музей нь дэлхийн хамгийн олон үзэгчтэй музейд зүй ёсоор тооцогддог бөгөөд 2019 онд 3.2 сая хүн үзсэн байна.

Мөн сан хөмрөгтөө 160 мянга гаруй түүх соёл урлагийн үзмэр дурсгал, байнгын үзэсгэлэнд 9000 гаруй үзмэр дэлгэж тавьсны дотор үе үеийн Оросын эзэн хааны бэлэг сэлт, хувцас зүүсгэл, титэм, илд сэлэм, зэр зэвсэг, сүйх тэрэг, эмээл, морины тоног хэрэгсэл, эзэн хаадын эдэлж хэрэглэж байсан дурсгал хадгалж байдгаараа онцлог юм.

Ташрамд дурдахад, Москвагийн Кремлийн музейн ерөнхий захирал Елена Юрьевна Гагарина нь дэлхийн анхны сансрын нисгэгч Юрий Алексеевич Гагарины том охин бөгөөд урлаг судлаач мэргэжилтэй аж. Тус музейн ерөнхий захирлаар 2001 оноос хойш ажиллажээ.